УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй төлөөлөгчид Люксембургийн Их Гүнт Улсын Парламентад ажиллав
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй төлөөлөгчид Люксембургийн Их Гүнт Улсын Парламентад ажилласан бөгөөд төлөөлөгчдийг Люксембургийн парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Ив Крухтен 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтад манай талаас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Б.Мөнхсоёл, Элчин сайд Л.Болд, ЗГХЭГ, ГХЯ болон ЭСЯ-ны төлөөлөл, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каин, айлын талаас Люксембургийн Парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Свен Клемент, Фред Кюп, Лиз Браз нар байлцав.
Уулзалтаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Мөнхсоёл болон Элчин сайд Л.Болд нар улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл хийхээс гадна Люксембургийн парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Ив Крухтен, гишүүн Свен Клемент, Лиз Браз нарын төлөөлөл үг хэлж, харилцан тавьсан асуултад хариулж, уулзалт үр дүнтэй болж өндөрлөв.
Талууд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх 2026 онд тохиож буйтай холбогдуулан хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататган дээд, өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэхэд анхаарч, дараагийн айлчлалыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр тохиров. Мөн хоёр талын хамтын ажиллагаанд хүлээгдэж буй бусад асуудлыг ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа тэмдэглэв.
Люксембургт оршин суугаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар Европын бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц чухал шийдвэр болох Монгол Улсын жолооны үнэмлэхийг люксембургийн жолооны үнэмлэхээр дүйцүүлэн солих боломжийг бүрдүүлсэнд айлын талд дахин талархал илэрхийлсэн болно.