images

Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо

ЭСЯ-ны мэдээ

2025-03-11

38

Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалт 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Европын парламентын төв байранд амжилттай болж өндөрлөв.

Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Б.Мөнхсоёл, Элчин сайд Л.Болд, ГХЯ, холбогдох албан байгууллага болон ЭСЯ-ны төлөөлөл, мөн Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн гишүүд, Европын Комисс, ЕХ-ны Гадаад харилцааны алба, олон улсын судалгааны хүрээлэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ж.Принчи, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурал дахь Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн нар үг хэлж, хурлыг хамтран удирдсан болно.

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Мөнхсоёл, Элчин сайд Л.Болд нар улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл хийхээс гадна Европын парламентын гишүүн, Үндсэн хуулийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга С.Симон, Байгаль орчин, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн В.П.Андриукайтис болон Л.Элбиета нарын асуултад хариулж ажиллав.

Уулзалтаар Европын Холбоотой виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, монголын газар зүйн заалттай бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх /ноос ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр гэх мэт/, мөн худалдааны хөнгөлөлтийг бүрэн дүүрэн ашиглах, Европын холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөрийн хүрээнд ялангуяа эрчим хүчний чиглэлээрх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаарх яриа хэлэлцээг идэвхжүүлж, манай улсын тоон гарын үсгийг Европын Холбооны гишүүн орнуудад хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтойг талууд тэмдэглэв.

Манай төлөөлөгчид уулзалтын үеэр Европын түүхийн музей болон Европын Парламентын ордон, парламентын чуулганы танхимтай танилцав.