images

“Найрамдал” төслийн хамтын ажиллагаа, туршлага хуваалцах уулзалтууд зохиогдлоо

ЭСЯ-ны мэдээ

2025-02-18

45

Европын комисс, Европын бүс нутгийн байгууллагууд, Дархан-Уул аймагтай хамтран хэрэгжүүлж буй Европын Холбоо, Монгол Улсын тогтвортой хотуудын түншлэлийг бэхжүүлэх “Найрамдал” төслийн хүрээнд Дархан-Европын форумын хамтын ажиллагаа, туршлага хуваалцах уулзалтууд 2025 оны 2 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Брюссель хотноо байрлах Европын хот, суурин газруудын хамтарсан зөвлөл (CEMR) байранд зохиогдлоо. Тус уулзалт, форумыг нээж УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Элчин Сайд Л.Болд нар уулзалт, форумд оролцогчдод талархалын үг хэлж, амжилт хүслээ.

Тус уулзалт нь Европын Холбооны санхүүжилтээр Дархан хотод хэрэгжиж байгаа "Найрамдал" төсөлд хамрагдагч аж ахуйн нэгж, оролцогч, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөгчдийн 6 дахь удаагийн туршлага солилцох уулзалт юм.  

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн, ЕХ-ны Дэлхийд гарах гарц стратегид хамарсан  “Найрамдал” төсөл нь Дархан-Уул аймгийн бүсийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар руу чиглэсэн төвлөрлийг бууруулах, тогтвортой, ногоон хот, суурин байгуулахад өндөр ач холбогдолтой юм. 2021 онд эхэлсэн энэхүү төслийн хүрээнд орон нутагт, ялангуяа, Дархан-Уул аймагт олон сургалт, судалгааны ажлууд хийгдэх, орон нутгийн ЖДҮ, стартапп-уудыг дэмжих, санхүүжилтийг олгох зэрэг үр дүнтэй олон ажил хийгдсэн байна.

Туршлага солилцох уулзалтад Зүүн өмнөд Европын хотуудын холбоо (NALAS)-ны удирдлагууд, Словений Любляна хот, Хорват Улсын Людберг хот, Рижека хот, Монтенегро Улсын Бар хотын захирагчид, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Засаг дарга нар, төсөлд хамрагдагч Дархан-Уул аймгийн бизнесийн төлөөллүүд оролцож төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, хамтын ажиллагааг бэхжүүлэхтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж, туршлага солилцлоо.