Элчин сайд Л.Болд Нидерландын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцов.
Элчин сайд Л.Болд Нидерландын Хаант Улсын Утрехт хотноо 2025 оны 1 дүгээр сарын 8-12 ний өдрүүдэд 1970 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус улсын хамгийн том Аялал жуулчлалын үзэсгэлэн /Vakantie beurs/-д оролцов. Өнгөрсөн жил буюу 2024 онд нийт 100 гаран улсаас 1000 гаруй байгууллагууд энэхүү үзэсгэлэнд оролцсон бөгөөд энэ жил оролцож буй улсын тоо 120 даваад байгаа юм.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн өдөр Нидерланд улсын Гадаад харилцааны Сайд Каспар Велдкамп "Элчин сайд нартай хийх уулзалт" арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр Элчин сайд Л.Болд Каспар Велдкамп сайдтай уулзаж, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлаар санал солилцлоо.
Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсад аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор оролцож байгаа “Амар Монголиа” зэрэг аялал жуулчлалын компаниудын төлөөлөлтэй уулзаж, цаашид БеНиЛюксийн орнуудаас татах аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Энэ арга хэмжээний үеэр Нидерландын ГХЯ-наас өөрийн улсын аялагч, жуулчдын эрхийг гадаадын улсад хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.