images

Монгол Улсаа сурталчлан таниулах арга хэмжээг Брюссель хотноо зохион байгуулав.

ЭСЯ-ны мэдээ

2024-11-25

35

Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаа сурталчлан таниулах арга хэмжээг Брюссель хотноо 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулав.      

Арга хэмжээнд Бенилюксийн улс орнуудад оршин суугаа монгол иргэд, суугаа болон хавсран суугаа орны төр, засгийн болон хувийн хэвшил, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл зэрэг 130 гаруй хүн оролцсон.  

Элчин сайд Л.Болд ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Бүгд Найрамдах Улсаа дотоод, гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан энэхүү түүхэн үйл явдлын үүрэг, ач холбогдлыг тэмдэглэв. Түүнчлэн, Монгол Улс, Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил давхцаж буйг онцлов.

Ёслолын арга хэмжээг хүндэтгэж, Бельгийн Хаант Улсын Холбооны Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Ноён Питер де Рүвер хүрэлцэн ирж, арга хэмжээг нээж үг хэлсэн болно.

Арга хэмжээг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Монгол Улс, Европын холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Европын Холбооны Гадаад харилцааны албаны ахлах шинжээч Марко Феррид олгосон “Найрамдал” одон медалийг Элчин сайд Л.Болд гардуулав.    

Мөн монгол төрийн дууллыг эгшиглүүлэн морин хуурын аялгуу, монгол бүжиг зэрэг үндэсний урлагийг сурталчилж, монголын залуу уран бүтээлч Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нарын уран зураг болон “Монгол-Европын холбооны харилцаа 35” архивын гэрэл зургийг дэлгэн үзүүлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлага, монголын тухай нийтлэл бүхий Брюссель дэх Дипломатик Уорлд сэтгүүлийн дугаарыг 74, 75 дугаарыг зочдод тараав. Мөн монгол хоол, цагаан идээ, ундааны амталгааг хийв.