images

Элчин сайд Л.Болд Монгол улсыхаа түүх, соёл, уламжлал, эдийн засаг мөн хөрөнгө оруулах боломжуудын талаар лекц уншлаа.

ЭСЯ-ны мэдээ

2024-10-21

44

Монгол Улсаас Нидерланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд 2024 оны 10-р сарын 14-ний өдөр Амстердам хот дахь Хааны нэрэмжит эдийн засгийн нийгэмлэг Koninklijke Industrieele Groote Club (Royal IGC)-ийн хүндэт зочноор уригдан Монгол улсыхаа түүх, соёл, уламжлал, эдийн засаг мөн хөрөнгө оруулах боломжуудын талаар лекц уншлаа. Тус лекц, уулзалтын арга хэмжээг Нидерландын Төрийн сайд асан Винни Соргдрагер хөтлөн оролцов.

Энэхүү арга хэмжээнд тус улсын эдийн засаг бизнесийн 80 гаруй байгууллагын төлөөлөл оролцов. Уг уулзалт нь Нидерланд Улсад Монгол Улсын талаарх сонирхол ихээхэн нэмэгдэж байгааг харуулсан төдийгүй, Монгол Улсын тухай илүү гүнзгий мэдлэгтэй болох хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн илрэл байлаа.

Koninklijke Industrieele Groote Club (Royal IGC) нь Амстердамын төвд байрладаг, түүхэн уламжлалтай, нэр хүндтэй нийгэмлэг юм. Тухайлбал 1788 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бизнесийн манлайлагчид, соёл, урлаг, улс төрийн салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж үйл ажиллагаа явуулдаг. Улмаар тус улсын эдийн засгийн төлөөлөл болж олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс орнуудын хоорондын бүх талын харилцааг өргөжүүлэх арга хэмжээ зохион байгуулдаг юм.