images

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН САНХҮҮЖИЛТ ШИЙДЭГДЭВ

ЭСЯ-ны мэдээ

2024-10-14

70

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал М.Тоннертэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. 

 Уулзалтаар талууд Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 20 гаруй жил амжилттай хэрэгжиж буй зүрх судасны мэс засал, эмчилгээ, оношилгооны чадавхыг бэхжүүлэх төслийн хэрэгжилт, цаашид хийх арга хэмжээний талаар санал, мэдээлэл солилцов.  

 Тус уулзалтын үеэр дээрх төслийн үргэлжлэл болох Монгол Улсад Зүрх судасны төв эмнэлгийн байрыг шинээр барьж байгуулах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснийг албан ёсоор мэдээлэв. Тус санхүүжилт нь Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд олгох буцалтгүй тусламжийн 19 сая евро, мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 31 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээс бүрдэх юм. 

Мөн ирэх 2026 онд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол Улсад Зүрх судасны мэс заслын чиглэлийн төсөл Люксембургийн тусламж дэмжлэгтэй хэрэгжиж эхэлсний 25 жилийн ой тус тус тохиож буйг тэмдэглэж, энэ чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.   

Уулзалтад Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каин байлцав.