Бенелюксийн Монголчуудын “Наадам-2024 амжилттай зохион байгуулагдав
Бенелюксийн орнуудад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн “Миний Монгол Наадам-2024” арга хэмжээг Бельгийн Монголчуудын Төрийн бус байгууллагуудын Нэгдсэн зөвлөл, түүний харьяа 17 төрийн бус байгууллагын идэвхтэн гишүүд болон Брюссельд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас хамтран Бельгийн Хаант Улсын Антверпен хотын Тонетлаан цэцэрлэгт хүрээлэнд 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Наадамд Бельги, Нидерланд, Люксембург улсаас гадна БНФУ, ХБНГУ, Швейцарийн холбооны улс болон бусад Европын орнуудад ажиллаж амьдарч буй монгол иргэд оролцов.
Наадмын үйл ажиллагааг Монгол Улсын соёлын элч Б.Нарандэлгэр хөтлөн хүргэлээ. Элчин сайд Л.Болд наадмыг нээж, зарим иргэдэд төрийн шагнал гардуулав.
Наадамд Хилийн чанад дахь Монгол иргэдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр хүндэт зочноор оролцож, баяр хүргэж үг хэлэв. Наадамын үйл ажиллагааг чимж “Хөсөгтөн” хамтлаг, Лиеж хотын дуурийн театрт гэрээгээр ажиллаж буй Монгол дуучид болох Б.Батжаргал, Х.Мягмарсүрэн нар ирж ая дуугаа өргөлөө. Наадмын үеэр уламжлал ёсоор сур харваа, хүчит бөхийн барилдаан, нас насны хүүхдүүдийн оролцсон хурдан морьдын уралдааны үлгэрлэл арга хэмжээ зохиогдсоноос гадна шагайн харваа, олс таталт, хавчаахай харваа зэрэг тэмцээн зохион байгуулагдав.
Хүчит бөхийн барилдаанд Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, Самбо бөхийн Ази тивийн аварга, Спортын мастер Э.Батбаяр түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат Аймгийн начин, Жүдо бөхийн спортын мастер О.Пүрэвбаяр үзүүрлэлээ.
Нар хур тэгширсэн өдөр тохиосон “Миний Монгол наадам-2024” нь Монгол соёл, уламжлалыг Бенелюксийн оронд сурталчилсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.