images

“Монгол-Европын харилцаа 35” архивын гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав.

ЭСЯ-ны мэдээ

2024-06-19

172

Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Европын харилцаа 35” архивын гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав.

Үзэсгэлэн арга хэмжээг нээж Элчин сайд Л.Болд, Европын холбооны Гадаад харилцааны албаны Монголыг хариуцсан хэлтсийн дарга Доминик Портер нар мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд Л.Болд хэлсэн үгэндээ Европын холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500,000 еврогийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тогтвортой ногоон хөгжил, эдийн засаг, эрчим хүчний шилжилт, хөдөө аж ахуйн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг тэргүүлэх чиглэлүүд бат бөх үндэс суурь болно гэв.

Арга хэмжээнд Европын парламентын гишүүн, парламент дахь Төв Азийн бүлгийн дарга Томас Здеховский, Европын холбооны гишүүн орнуудын элчин сайд нар, Европын холбоонд суугаа ДТГ-ийн тэргүүнүүд, ЕХ-ны агентлаг, хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөлөлүүд оролцов. Арга хэмжээний үеэр ардын урлагийн “Уухай” хамтлаг уран бүтээлээсээ толилуулав.

Монгол Улс, Европын холбооны хооронд 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Европын холбоо нь манай улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.