images

Элчин сайд Л.Болд Брюссель хотод зохион байгуулагдсан “Чухал түүхий эдийн 6 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт”-ад оролцлоо.

ЭСЯ-ны мэдээ

2024-05-17

200

2024 оны 5 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Элчин сайд Л.Болд Брюссель хотод зохион байгуулагдсан “Чухал түүхий эдийн 6 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт”-ад оролцлоо.

Европын Комисс, Европын Шинэчлэл, Технологийн Их Сургууль (EIT) Түүхий эдийн нийгэмлэгээс зохион байгуулсан тус дээд хэмжээний уулзалтад салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчид, судлаачид, Европын Холбооны бодлого боловсруулагчид, Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд оролцлоо.

Тус чуулга уулзалт нь түүхий эдийн салбарын тогтвортой шийдэл, технологийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, мэдлэг солилцох, туршлага хуваалцах платформ юм.

6 дахь удаагийн энэхүү чуулга уулзалтаар чухал түүхий эдийн хууль (CRMA) ба түүний нөлөө; түүхий эдийн академи, тэнд хамрагдах ирээдүйн ажиллах хүч; чухал түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт болон сүүлийн үеийн худалдааны бодлогод гарсан өөрчлөлтүүд; сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний асуудал; батлан ​​хамгаалах, сансар огторгуйн салбарт ашигт малтмалын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх; ашигт малтмалын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, энэ талаар баримтлах ЕХ-ны стратеги; автомашины салбар, гангийн үйлдвэрүүдийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажил; ашигт малтмалын салбарын нэр хүндийн удирдлага, ил тод байдал гэсэн сэдвүүдээр чухал илтгэл, панел хэлэлцүүлгүүд хийгдлээ.

            Чуулга уулзалтын үеэр Элчин сайд Л.Болд Европын комиссын Олон улсын түншлэлийн Ерөнхий газрын дарга н. Коен Доенс, Европ дахь Олон улсын зэс үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий захирал н. Квентин де Хулцтэй тус тус уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.