images

Элчин сайд Л.Болд Дэлхийн эрчим хүчний конгрессын 26 дугаар чуулганд оролцож байна.

ЭСЯ-ны мэдээ

2024-04-24

267

Элчин сайд Л.Болд Дэлхийн эрх хүчний зөвлөл, Нидерландын Засгийн газар хамтран энэ 4 дүгээр сарын 22-25-нд Роттердам хотноо зохион байгуулж буй Дэлхийн эрчим хүчний конгрессын 26 дугаар чуулганд оролцож байна. 

Уг чуулганд 70 орчим улсын төлөөлөл, 250 гаруй илтгэгч төр болон хувийн хэвшлээс оролцож байгаа бөгөөд дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийг байгаль орчинд ээлтэй, цэвэр эх үүсвэр лүү шилжүүлэх, хүн ард болон дэлхийн эрчим хүч гаргаж авдаг эх үүсвэрийн дахин загварчлах асуудлыг хэлэлцэж байна. Мөн 100 гаруй аж ахуйн нэгж өөрийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж, үзэсгэлэн яармагт оролцож байна. 

Чуулганы үеэр элчин сайд Л.Болд Эрчим хүчний сайд нарын тусгай хуралдаанд оролцож, эрчим хүчний шилжилтийн асуудлаар Монгол Улсын байр суурийн талаар санал хэлэв. Мөн чуулганыг даргалж буй Нидерландын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Роб Жеттен, Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Анжела Вилкинсон, Япон, БНХАУ, БНЭУ, Индонези зэрэг 10 гаруй орны төлөөлөлтэй уулзалт хийж, Монгол улсын эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэндчилгээг уламжлав. Чуулган маргааш өндөрлөж дүнгээ гаргах болно.