Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй шүүх, хуулийн байгууллагын төлөөлөл Брюссель, Гааг, Люксембург хотноо ажиллаж байна.
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй шүүх, хуулийн байгууллагын төлөөлөл 03 дугаар сарын 17-ноос 23-ны хооронд Брюссель, Гааг, Люксембург хотноо ажиллаж байна.
Төлөөлөгчид 3 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд Европын Парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски болон Европын Холбооны гадаад харилцааны алба, Европын Комиссын олон улсын түншлэл, хамтын ажиллагааны газрын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, Европын Холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөр, хууль эрх зүйн хүрээний шинэчлэлийн талаар мэдээлэл сонсож, санал солилцов.
Мөн энэ өдөр Францын Страссбург хотноо төвтэй, европ тивийн 46 орны гишүүнчлэл бүхий Европын зөвлөл (Council of Europe) олон улсын байгууллагын Брюссель дэх төвийн тэргүүн Андрей Заяц болон дэд тэргүүн Х.Де Биолли нартай уулзаж, мэдээлэл солилцов.
Уулзалтад элчин сайд Л.Болд болон яамны холбогдох ажилтнууд оролцов.
Эрх зүйн орчныг бүрдүүлж, зохион байгуулалт, үе шаттайгаар цахимжуулалтыг шүүхэд нэвтрүүлэхэд бусад улсын туршлага, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг уулзалтын үеэр онцлон тэмдэглээд Европын холбооны гишүүн улсууд туршлага солилцож, хамтран ажиллаж байгаад төлөөлөгчид талархал илэрхийлэв.