Элчин сайд Л. Болд Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Иан Соундерстай уулзлаа.
Элчин сайд Л. Болд 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Иан Соундерстай уулзлаа. Уулзалтаар, Монгол Улсын Засгийн газар ДГБ-тай хөгжүүлж буй үр ашигтай хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаа тухай Элчин Сайд танилцуулав.
Монгол Улс Дэлхийн гаалийн байгууллагад 1991 онд гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагатай Монгол Улсын гаалийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж ирсэн. Энэ чиглэлээр цаашид илүү үр дүнтэй ажиллаж, Монгол Улсын гаалийн байгууллагын мэргэжилтнүүдийг Дэлхийн гаалийн байгууллага дээр ажиллуулах, туршлага судлуулахад дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд н. Соундерсоос хүслээ.
Мөн хил дээр барааг задлахгүйгээр шалгах, шинэ технологид суурилсан тоног төхөөрөмж, рентген аппарат, ухаалаг гарцыг хилийн бүх боомт дээр жигд хэрэгжүүлэх, гаалийн хяналт шалгалтыг хурдан шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлд ДГБ-аас техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас мөн хүслээ.
ДГБ-аас гаргасан бодлогын баримт бичиг, зөвлөмжийн дагуу “ТИР карней ашиглан дамжин өнгөрөх горимоор барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай конвенц”, “Барааг хилээр түр хугацаагаар нэвтрүүлэх тухай конвенц” (Станбулын конвенц) нэгдэх замаар Монгол Улсад гаалийн таатай орчин бүрдүүлэх, гаалийн хяналт шалгалт, олон улсын худалдааг хөнгөвчлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар Элчин Сайд танилцууллаа.
Ялангуяа, Дэлхийн гаалийн байгууллага, Швейцарын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (SECO)-ын хамтарсан “Глобал худалдааг хөнгөвчлөх” хөтөлбөрийн хоёрдугаар үе шатанд Монгол Улс хамрагдсан нь дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж талаар санал солилцлоо.
Цаашид ДГБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд Монгол Улс тогтмол хамрагдаж гаалийн байгууллагын өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхэд анхаарах юм.
Элчин сайд Л.Болд ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2024 оны 1 дүгээр сараас шинээр ажиллах болсон н.Иан Соундерст баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.