images

Европын Холбоо, Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхимын 2024 оны үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ боллоо

ЭСЯ-ны мэдээ

2024-01-10

256

Брюссель дэхь Монголын Элчин Сайдын яамнаас Европын Холбоо, Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхимын 2024 оны үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Брюссель хотын Худалдааны танхим /BECI/ дээр зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Европын Холбооны Монгол дахь Олон Улсын Худалдааг дэмжих төслийн эксперт н.Карл И.Крюг болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр Европын Холбоо, Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхим нь 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, Европын Холбоо, Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаарх саналаа оролцогчидтой хуваалцлаа. Ялангуяа, Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлсэн Худалдааг дэмжих төсөл /TRAM/-ийн үргэлжлэл болох Олон улсын худалдааг хөгжүүлэх төсөл /ITDM/-ийн тухай оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа.Тус төсөл нь Монголын байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, анхны “Mongolian green labels” худалдаа, мэдээллийн төвийг Бельгийн хаант улсад байгуулах замаар хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч Монголын олон жижиг, дунд аж ахуйн нэгжийн экспортын үйл ажиллагааг дэмжих юм.

Арга хэмжээнд Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улсын худалдаа, бизнесийн 40 гаруй төлөөлөл оролцож Монгол Улсын эдийн засаг, худалдааны орчин, нөхцлийн талаар мэдээлэл авлаа.