images

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган боллоо

ЭСЯ-ны мэдээ

2023-12-15

286

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган 2023 оны 12 дугаар сарын 4-14-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо боллоо. Тус чуулганд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элчин сайд Л.Болд орж ажиллав.

Тус чуулганаар ОУЭШ-ийн үйл ажиллагаа, Ромын дүрмийн тогтолцоонд хийсэн үнэлгээ, Товчооны 2023 оны үйл ажиллагааны тайлан болон тус шүүхийн 2024 оны үйл ажиллагааны төсвийг хэлэлцэн батлав. Мөн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр 2024-2033 онд ажиллах 6 шүүгчийг сонгох сонгууль болж, манай төлөөлөгчид амжилттай оролцов.

Монгол Улс ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн нэрийг дэвшүүлэн сонгуулийн бэлтгэлийг хангаж ажилласан бөгөөд манай нэр дэвшигч сонгуулийн эхний шатанд 81 улсын санал авч, ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдсон түүхэн үйл явдал тохиов.

Нэн өрсөлдөөнтэй болсон тус сонгуульд 13 улс 6 суудлын төлөө өрсөлдсөн ба 11 раунд үргэлжлэсэн юм. Манай нэр дэвшигч авбал зохих босго 76 саналаас хамгийн их буюу (+5) санал авч эхний раундад сонгогдсон бол хоёрдугаар шатанд Румын (+0), зугаадугаар шатанд БНФУ (+2), наймдугаар шатанд Словени (+0), аравдугаар шатанд Тунис (+4), арваннэгдүгээр шатанд БНСУ-ын нэр дэвшигч (+1) олонхийн саналыг авч тус тус сонгогдов.

Олон улсын эрүүгийн шүүх нь төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны болон түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэг, зориулалттай байнгын ажиллагаатай шүүх байгууллага юм.

Тус шүүхэд Монгол Улсын шүүгч анх удаа сонгогдсон явдал нь ОУЭШ-ийн Ромын дүрмийн Оролцогч талууд болох 123 улсад энх тайван, шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулан ажиллахаар боллоо. Түүнчлэн Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй, сайн явагдаж байгаагийн илрэл төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг манай улсад хүлээлгэж буй том итгэл найдвар болно.