images

МОНГОЛ УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙГ БЕЛЬГИ УЛС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ЗОХИХ ШААРДЛАГА ХАНГАСАН ТОХИОЛДОЛД БЕЛЬГИЙН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭР СОЛЬЖ ОЛГОХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

ЭСЯ-ны мэдээ

2022-11-08

187

Бельгийн Хаант Улсад оршин суугаа иргэдийнхээ хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд тус ЭСЯ Бельгийн талтай яриа хэлэлцээг явуулсны дүнд 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаж, удаан хугацаагаар оршин суух иргэдийн Монгол жолооны үнэмлэхийг үндэслэн Бельгийн жолооны үнэмлэхээр сольж олгохыг зөвшөөрлөө.

Тус улсын жолооны үнэмлэхгүйгээр иргэд автомашин жолоодож хэрэг, зөрчилд холбогдох, зарлагдсан ажлын байранд тавигдаж буй шалгуурт тэнцэхгүй байх, түрээсээр автомашин авч ашиглах боломжгүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байв.

Бельгийн Засгийн газрын дээрх шийдвэр нь манай иргэдийн жолооны дамжаанд суралцах цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулах ба цаашилбал улс дотор болон улс хооронд тээврийн үйлчилгээ хийх зэрэг амьжиргаа, ажил эрхлэлтийг дэмжсэн чухал алхам болж байна.

Энэ завшааныг ашиглан Бельгийн Зам, тээвэр, хөдөлгөөний яаманд талархал илэрхийлье. Европын Холбооны орнуудаас Бельги Улс манай жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байгаа бөгөөд Нидерланд, Люксембург Улсуудад мөн хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна.

Доорх линкээр Монгол Улсын жолооны үнэмлэх хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллийг үзэж болно: https://mobilit.belgium.be/.../chapitre_36_-_mongolie.pdf