images

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын салбар танхимын нээлтийг Нидерландын Хаант Улсын Роттердам хотод хийлээ.

ЭСЯ-ны мэдээ

2023-11-10

234

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын салбар танхим болох Европын Холбоо – Нидерланд дахь Монголын Худалдааны танхимын нээлтийг 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Нидерландын Хаант Улсын Роттердам хотод хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улс дахь Нидерландын Хаант Улсын өргөмжит консул Б.Дэлгэрмаа, Нидерландын Хаант Улсаас Монгол Улстай бизнес, эдийн засгийн харилцаатай болон харилцаа үүсгэхээр ажиллаж байгаа компаний удирдлагууд оролцлоо.

Нээлтийн үеэр УИХ гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн төр, засгийн бодлогын талаар тодорхой мэдээлэл өглөө.

Тус арга хэмжээг нээж Элчин сайд Л.Болд үг хэлсний дараа, Эйндховены Технологийн Их сургуулийн багш, хөтөлбөрийн захирал, доктор профессор Д.Янжиндулам илтгэл тавьж Монгол – Нидерландын хоорондын мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар мөн сонирхолтой илтгэл тавилаа.

Европын Холбоо - Нидерланд дахь Монгол Улсын Худалдааны танхим нь Монгол Улсаас Европын холбоонд гаргах экспортын бараа бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг олшруулах, Европын Холбооноос Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “ченжийн бус”, нэмүү өртөг шингэсэн шууд экспортын гарцыг өргөжүүлэх зэргээр ажиллах юм. Түүнчлэн, шинээр байгуулагдсан Монголын худалдааны танхим нь Монгол Улсын экспорт, импортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хурдасгах, хөнгөвчлөх, ялангуяа түүний далайд гарах гарцыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Нидерландын хамгийн том боомт хот - Роттердамын захиргаа, тээвэр, ложистикийн компаниудтай хамтын ажиллагааг эрэлхийлэн ажиллах юм.