images

Монгол Улсын Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгчид захидал илгээв

ЭСЯ-ны мэдээ

2022-11-07

324

Монгол Улс, Европын Холбоо хооронд дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ хүрээнд талууд хооронд “Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайенд захидал илгээв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захидалдаа Европын Холбоо Монгол Улсыг Ойн түншлэлд хамруулахаар шийдвэрлэсэнд талархалаа илэрхийлж, ардчилал, хуулийн засаглал, хүний эрхийг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаа ногоон хөгжил, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс, Европын Холбоо хоорондын “Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр гарын үсэг зурах юм.

Монгол Улс нь Европын Холбооны Ойн түншлэлийн яриа хэлэлцээнд орж буй анхны азийн улс болж буй бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар ойг хамгаалах, сэргээх, ойг эдийн засгийн чухал салбар, орлогын эх үүсвэр болгох давуу талтайгаас гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсад 80,000 орчим ажлын байр шинээр бий болгох, ойн талбайг зорилтот хэмжээнд нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.