Элчин сайд Л.Болд FSO байгууллагын Зөвлөх Фредерик Судан болон уг төслийн менежер Никола Вурм нартай уулзав.
Элчин сайд Л.Болд энэ сарын 12-ны өдөр Бельгийн Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн Бельгийн талаас хэрэгжүүлэгч FSO байгууллагын Зөвлөх Фредерик Судан болон уг төслийн менежер Никола Вурм нартай уулзав. Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явцын тухай санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцав.
Уг төслийн хүрээнд Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, засвар үйлчилгээг явуулах, эрүүл мэндийн ажилтнуудыг сургалтад хамруулах зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажиллаж улмаар Монгол, Бельгийн хүн хооронд харилцаа хөгжиж, баруун бүсийн хүн амд илүү нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдэж буйг хоёр тал сайшаан тэмдэглэв.
FSO байгууллагын удирдлагаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр яригдаж буй дараагийн төсөл болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж, нөхөн сэргээх төвийн багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах, Бельгийн дэвшилт технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Бельгийн Засгийн газраас олгох 8 сая еврогийн 100%-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн шийдвэр хэвээр байгааг дахин нотлов.