images

Люксембургийн Их Гүнт Улсад Монгол Улсын жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай санамж бичиг байгуулав

ЭСЯ-ны мэдээ

2023-10-17

275

Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Тээврийн сайд Франсуа Бауш болон Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар “Жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай санамж бичиг”-т гарын үсэг зурав. 

Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг Люксембургийн Их Гүнт Улсын Тээврийн яаманд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, манай талаас Брюссель дэх ЭСЯ-ны зөвлөх Л.Болормаа, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каин, айлын талаас тус улсын Тээврийн яамны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газрын зөвлөх Д.Алайн, Гадаад хэргийн яамны Улс төрийн газрын Азийн асуудал хариуцсан ажилтан Л.Феликс нар оролцов.

Монгол Улсын жолооны үнэмлэхийг Европын холбооны гишүүн орнуудаас анх удаа Бельгийн талд 2022 онд хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд хоёр дахь удаагаа  Люксембургийн талд энэ өдөр албан ёсоор хүлээн зөвшөөрүүллээ. Ийнхүү монгол жолооны үнэмлэхийг люксембург жолооны үнэмлэхээр дүйцүүлэн солих ажлыг тус улсын хууль тогтоомж болон энэхүү санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэв.

Энэхүү санамж бичиг нь А, В, ВЕ ангиллын мотоцикл, дээд жин нь 3500 кг-аас ихгүй, жолоочоос гадна наймаас доош тооны зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл барих эрх бүхий жолооны үнэмлэхэд үйлчилнэ. Мөн Люксембург улсын нутаг дэвсгэрт оршин суух зөвшөөрөл авсан өдрөөс өмнөх хугацаанд олгосон монгол жолооны үнэмлэхэд хамаарна.

Брюссель дэх ЭСЯ-наас Монгол Улсын жолооны үнэмлэхийг Люксембургийн Их Гүнт Улсад хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтийг тус улсын Тээврийн яаманд 2022 оны 2 дугаар хагаст хүргүүлж, мөрөөр ажилласны үр дүнд тус санамж бичгийг байгуулаад байна.

Санамж бичиг байгуулснаар Люксембургийн Их Гүнт Улсад оршин суугаа  монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар тус салбарын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Цаашид Европын бусад улс орнуудад үлгэр жишээ болж буйгаар энэ шийдвэр чухал ач холбогдолтой бөгөөд тус улсад оршин сууж буй монгол иргэдийн жолооны дамжаанд суралцах цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулахаас гадна улс хоорондын тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн амьжиргаа, ажил эрхлэлтийг дэмжихэд чухал алхам болно.