“МОНГОЛ: УЛААН ТАЙГА” БАРИМТАТ КИНОНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“Бидний ой- Хамтын хариуцлага” баримтат киноны нээлттэй хэлэлцүүлэг (2023.10.11) Европын Парламентын төв байранд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Европын парламентын гишүүн Анна Каваззини болон Делара Буркхард нар болон бусад уран бүтээлчид, элчин сайдын яамны төлөөлөл оролцов. Мөн байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх үг хэлж, асуултад хариуллаа.
"Бидний ой" цувралын энэ удаагийн дугаарт Хөвсгөлийн Улаан тайгын онгон дагшин байгаль, тайгын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх, түүний багийн байгаль хамгаалах туршлагаас сэдэвлэсэн бөгөөд уг төслийг Европын парламентын гишүүн Анна Каваззини болон Делара Буркхардт нарын дэмжлэгтэйгээр “Think film” продакшн бүтээжээ.
Уг баримтат кино нь дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөн дор Ж.Төмөрсүх нарын байгаль хамгаалагчид Улаан тайгынхаа экосистем, онгон дагшин байгалийг хамгаалж үлдэхийн төлөөх зүтгэл, бэрхшээл сорилт, эзэмшил газар нутгаасаа дайжиж, устаж үгүй болоход ойртсон зэрлэг ан амьтнаа хэрхэн хамгаалж буйг бодит туршлагаар харуулжээ.