Элчин сайд Л.Болд Фландерс мужийн Хөрөнгө оруулалт, Худалдааны газрын менежер Анналин Ван Бийсенийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Л.Болд 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Бельгийн Хаант Улсын Фландерс мужийн Хөрөнгө оруулалт, Худалдааны газар /FIT/ -н Зүүн Ази хариуцсан бүсийн менежер х. Анналин Ван Бийсенийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөдөө аж ахуй, хог хаягдал дахин боловсруулах, ой мод, ногоон хөгжил, цахим технологийн салбарт Бельги Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Ялангуяа, хог хаягдлын 95 хувийг дахин боловсруулдаг Бельгийн аж ахуйн нэгжүүдийн сайн туршлагыг судлах, энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн хүрээний боломж байгаа талаар ярилцлаа. Түүнчлэн, Бельги улсад байгуулагдсан Монголын Худалдааны Танхимын үйл ажиллагааг FIT дэмжиж, цаашид тус танхимтай хамтран ажиллах өргөн бололцоо байгаа талаар х. Анналин Ван Бийсэн танилцууллаа.
FIT нь Бельгид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Бельгийн компаниудын экспортыг дэмжих чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.