МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны XXII хуралдаан Брюссель хотноо 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр болов.
Хуралдааныг Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны Монголын хэсгийн тэргүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Европын комиссын Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Веганд тэргүүлж оролцов.
Ээлжит XXII хуралдаанаар Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож, Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хэрэгжилтийн явц, “Дэлхийд гарах гарц”, “Ойн түншлэл”-ийн хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийн замын зураглалыг хэрэгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Хуралдаанаар Монгол Улс Европын Холбоотой ойн түншлэл байгуулсан Азиас анхны улс болсоныг онцлов. Мөн худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
Шадар Сайдын айлчлалын хүрээнд Элчин Сайд Л.Болд болон албаны хүмүүс Европын Комиссын Худалдааны Ерөнхий газрын Дэд дарга Л. Рубиначчитэй чухал түүхий эдийн салбарт цаашид хамтран ажиллах талаар хоёр талын уулзалт хийлээ. Л.Рубиначчи Европын Холбооны санаачлагаар үүсгэн байгуулагдаж байгаа Чухал түүхий эдийн клубтэй Монгол Улс хамтран ажиллахыг санал болгов.
Мөн Монгол Улсын Шадар Сайдын айлчлалын хүрээнд Брюсселийн худалдааны танхимд Европын Холбооны компаниудын 30 гаруй төлөөлөл оролцсон худалдаа хөрөнгө оруулалтын форум зохион байгуулагдаж тэдгээрт Шадар Сайд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны XXIII хуралдааныг Улаанбаатар хотноо 2024 онд зохион байгуулахаар тохиролцов.