УЛААНБААТАР ХОТНОО МОНГОЛ УЛС, НИДЕРЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын Хаант Улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европын газрын захирал Г.Баттунгалаг, нидерландын талаас Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Карин Мөссенлехнер нар тэргүүлэв.
Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Нидерландын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, чингэхдээ харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөхөд чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон зорилтуудыг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, туршлага солилцоог идэвхжүүлэх эрмэлзлээ талууд нотлов.
Түүнчлэн олон улсын харилцааны тулгамдсан асуудал, нийтлэг зорилтуудын талаар ярилцаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа бэхжүүлэхээр болов.