Элчин сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Гааг хотноо Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий асуудал, бодлогын зөвлөлийн 2023 оны хуралд оролцов.
Элчин сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Гааг хотноо энэ 3 дугаар сарын 7-10-нд болсон Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий асуудал, бодлогын зөвлөлийн 2023 оны хуралд оролцов.
Энэ удаагийн хурлаар цахим эдийн засаг, бизнесийн эрх зүй, улс орнууд хоорондын хүүхэд үрчлүүлэх болон асран хамгаалагчийн эрх зүйн зохицуулалт, оюуны өмч, апостиль гэрчилгээний конвенцын хэрэгжилтийн чиглэлээр ажилласан Ажлын хэсгийн тайланг хэлэлцэн батлав. Түүнчлэн испани хэлийг тус байгууллагын албан ёсны хэлээр бүртгэх асуудлыг хэлэлцэн нийтийн зөвшилцлөөр баталсан. Улмаар 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс ашиглаж эхлэнэ.
Манай төлөөлөгчдийн тэргүүн, Элчин сайд Л.Болд тус байгууллагад гишүүшлэлтэй Латин америкийн орнуудын тоо, эзлэх хувь, НҮБ-ын түгээмэл хэл болох испани хэлийг тус байгууллагын албан ёсны хэл болгохыг дэмжиж буйгаа тэмдэглэж, испани хэлийг ажлын хэл болгосноор гарах зардлын төсвийг хамгийн багаар тооцолж танилцуулсан Нарийн бичгийн даргын газарт талархал илэрхийлэв.
Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга(ЕНБД)-ыг сонгох сонгууль болсон бөгөөд Мексик, Швейцар, Канад, Бразил Улсын нэр дэвшигч өрсөлдөж Швейцар Улсын иргэн Кристоф Бернаскони 79.4%-ийн саналаар сонгогдов. Тэрээр тус байгууллагын ЕНБД-аар 2028 он хүртэл ажиллана.
Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал, хүн амын шилжилт хөдөлгөөн өсөн нэмэгдэж буй өнөө үед тус байгууллагын ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Манай улс тус байгууллагын баталсан “Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх тухай”, “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай” , “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” конвенцид тус тус нэгдэн орсон бөгөөд цаашид “Иргэний буюу худалдааны асуудлаарх шүүхийн болон шүүхийн бус баримт бичгийг гадаад хүргүүлэх тухай”, Иргэний болон худалдааны асуудларах хилийн чанад дахь нотлох баримтыг гаргуулан авах”, “Шүүх үйл ажиллагаанд олон улсын тэгш оролцох тухай” зэрэг конвенцид нэгдэн орох асуудлыг судалж байна.