images

БЕЛЬГИЙН ГЕНТ ХОТЫН ДАРГА БОЛОН ГЕНТИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-03-08

243

Элчин сайд Л.Болд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Бельгийн Гент хотын дарга Матиас Дэ Клерк, Гентийн Их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Проф. Д-р Гидо Ван Хайленбург, тус сургуулийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн факультетын Гадаад харилцааны албаны зөвлөх Таня Струйк нартай уулзаж, санал солилцов.

Гент нь европын оюутан залуус ихээхэн төвлөрсөн, старт ап бизнес, био технологи, финтек хөгжсөн хот бөгөөд тус хотыг Европын залуучуудын Форумаас 2024 онд “Европын залуучуудын төв хот” хэмээн зарлажээ.

Харин Гентийн Их сургууль нь 1817 онд байгуулагдсан, 11 факультеттай, 50,000 гаруй оюутан суралцагч, 15,000 профессор, багш, ажилтан нартай бөгөөд дэлхийн топ, академик их дээд сургуулиудын рейтинг тогтоох жагсаалтын 74 дүгээрт, харин тус сургуулийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн факультет нь дэлхийн топ 1 дүгээрт эрэмбэлэгддэг байна. Энэхүү факультетын зүгээс монголын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах, магистр, докторын түвшний оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломжтойг илэрхийлэв. Талууд эдгээр хоёр сургууль хоорондын уулзалтыг удирдлагын түвшинд зохион байгуулахаар тохиров.