Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн салбар Брюссель хотод нээгдэж байгаатай холбогдуулж Элчин Сайдын яамнаас Брюссель хот дахь олон улсын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа.
Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн салбар Брюссель хотод нээгдэж байгаатай холбогдуулж Элчин Сайдын яамнаас 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Брюссель хот дахь олон улсын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа.
Уулзалтаар Монгол Улсын экспорт, импортын чухал түнш Европын холбоо, тэр тусмаа Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад бизнес, мэдээллийн төвийг байгуулах замаар Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн салбарыг дэмжих талаар танилцууллаа.
Мөн тус уулзалтын үеэр Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны улсуудын Хөдөө аж ахуйн салбарын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилготой UB Cab ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Отгонбаяраар ахлуулсан “Нүүдэлчдийн гарц” төслийн гишүүд мөн уригдаж, өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийв.
Түүнчлэн, НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Худалдааны Төвөөс Улаанбаатар хотноо 2023 оны дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулах “Дэлхийн экспортын хөгжлийн форум”-ын зохион байгуулалтын талаар тус төвийн захирлын зөвлөх Александр Риверос зочдод танилцуулж, мэдээлэл өглөө.