images

Элчин сайд Л.Болд “Цэргийн салбар дахь хариуцлагатай хиймэл оюун ухаан-2023” сэдэвт Дээд хэмжээний уулзалтанд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2023-02-17

247

Элчин сайд Л.Болд 2023 оны 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Нидерландын Хаант Улсын Гааг хотноо зохион байгуулагдсан “Цэргийн салбар дахь хариуцлагатай хиймэл оюун ухаан-2023” сэдэвт Дээд хэмжээний уулзалтанд оролцов.

Дээд хэмжээний уулзалтыг Нидерландын Хаант Улс болон БНСУ-ын засгийн газар хамтран анх удаагаа зохион байгуулж, цэргийн салбар дахь хиймэл оюун ухааны хөгжил, боломж, учирч буй хүндрэл бэрхшээл, олон улсын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Уулзалтанд 80 гаруй орны Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Элчин сайд, төр засгийн төлөөлөл, батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдэл, бодлогын судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар НҮБ-ыг түшиглэсэн хиймэл оюун ухааны асуудал хариуцсан олон улсын засгийн газар хоорондын комисс байгуулах санаачилга гаргав.

Хиймэл оюун ухааны асуудлаарх хоёр дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтыг 2024 онд БНСУ-д зохион байгуулахаар шийдвэрлэлээ.