ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
2023-03-28
ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудаст зочилж буй эрхэм таны амар мэндийг эрэн мэндчилье.
Миний бие Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилдаа 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс албан ёсоор ороод байна.
Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам нь тус улсаас гадна Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их гүнт Улсыг хавсран ажиллаж эдгээр улс орнуудтай бүх чиглэлээр харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэдэг билээ. Бид Монгол Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2021 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бол 2022 онд Монгол Нидерландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Манай хоёр талын харилцаа хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжин улам бүр өргөжин тэлж байгааг дуулгахад таатай байна.
Түүнчлэн тус ЭСЯ нь Европын холбооны дэргэдэх Монгол Улсын төлөөлөгчийн газрын үүргийг давхар гүйцэтгэдэг. Энэ ч утгаараа Европын холбоо Монгол Улсны хамтын ажиллагаа жил ирэх бүр өнгө нэмж, хөгжиж буйг дуулгахад таатай байна.
Бенелюксийн орнуудад оршин суугаа Монгол Улсын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэндээ иргэний бүртгэл, нотариат болон хуульд заасан бусад үйлчилгээг зохих журмын дагуу элдэв чирэгдэлгүй үзүүлэхэд манай хамт олон онцгой анхаарч ажиллаж байгаагаа тэмдэглье. Энэ ажлын хүрээнд тус ЭСЯ-ны консулын хэсгийг иргэдэд ойртуулсан байршилд шилжүүлэн тав тухтай, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангаад байна.
Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Европын орнуудаас Бельгийн Хаант Улс анх удаа хүлээн зөвшөөрч, дүйцүүлэн сольж олгохоор болсон түүхэн шийдвэр гаргалаа. Энэ нь тус улсад ажиллаж амьдарч буй болоод цаашид зорчин ирэх иргэдэд маань тус дэм болсон чухал ажил болсон билээ. Европын бусад орнууд Бельгийн Хаант Улсын жишгээр манай жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх үйл явц эрчимтэй үргэлжилнэ хэмээн гүнээ итгэж байна.
Манай ЭСЯ-ны үйл ажиллагаатай холбоотой аливаа санал хүсэлт байгаа бол бидний [email protected], [email protected] цахим хаягаар и мэйл бичих, +32-2-3446974, +32 473 59 0292 дугааруудаар холбоо барина уу. Иргэн танд Брюссель дэх Монгол Улсын ЭСЯ-ны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Хүндэтгэсэн,
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд