Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс, Бельги Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан зарим иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулав.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс, Бельги Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан тус улсад оршин сууж буй эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулж, баяр хүргэв. Үүнд:
Алтан гадас одонгоор,
Уламбаяр Өлзийпүрэв. Тэрээр 2002 оноос эхлэн Бельги Улсын Антверпен хот дахь "Эв нэгдэл" холбооны үйл ажиллагаанд идэвхи зүтгэлтэй оролцож ирсэн. Европын орнуудад зохиогддог олон улсын соёлын фестивалиудад Монгол гэр барих, үндэсний хоол унд, цагаан идээг гадаадын иргэдэд танилцуулах, ёс заншлаа сурталчлах бүхий л арга хэмжээг гардан гүйцэтгэж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болон ажиллаж байна.
Лхагва Алтанчимэг. Тэрээр эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажилласны зэрэгцээ түүний санаачилгаар Монгол сургууль, “Монгол Наадам” фестиваль, Монголын урлаг, соёлын сурталчилгаа, Европ дахь монгол эмэгтэйчүүдийн форум, хүмүүнлэгийн аян, COVID-19 цар тахлын үед гадаадад гацсан 266 иргэнийг эх орондоо буцахад дэмжлэг үзүүлсэн ажил зэрэг нь олон нийтэд бодит үр өгөөжөө өгсөн. Мөн Л.Алтанчимэг нь олон жилийн турш төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, Бельгийн орон нутгийн захиргаа, хилийн чанад дахь монголчуудын байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Бибиш Цогтсайхан. Тэрээр Европт 2009 оноос хойш эх орныхоо түүхэн өв соёл тоглоом наадгайн төрөл Шагайн харвааг эх орноосоо алсран суугаа залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлан санаачилга гаргаж олон амжилт гаргасаар байна. Б.Цогтсайхан нь 2002 оноос хойш Бельги улс дах Шагайн Нумт Харвааны “МЭРГЭД” Салбар Зөвлөлийн харваачдын амжилт гаргахад нөлөөлөх хүчин зүйлийн салшгүй хэсэг нумт харвааны хэрэгслийн засвар тохируулга, үзлэг үйлчилгээг гардан хийхийн зэрэгцээ өөрийн 17 жилийн шагайн харвааны туршлага, мэдлэгээ шинэ залуу харваачдад заан сургах ажилд сэтгэл зүрхээ зориулдаг, хичээнгүй зүтгэж байна.
Лхүндэв Оюунчимэг. Тэрээр Бельги төдийгүй БЕНЕЛЮКС-ийн орнууд болон европын өөр бусад орнуудад амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэл бичиг заан сургахад өөрийн мэдлэг туршлагаа зориулсаар байна. Ингэхдээ Европт амьдарч байгаа монгол хүүхдүүддээ үндэсний өв соёлоо уламжлуулан үлдээх, зааж сургах үүднээс үндэсний их баяр наадам, сар шинийн баярын үүх түүх, ач холбогдол, хэрхэн тэмдэглэх, холбоотой ёс заншилыг заах, тайлбарлах, шагай, оньсон тоглоомоор тоглох зэрэг хичээл сургалтыг явуулж иржээ.
Чойжамц Мөнхбаатар. Тэрээр 1985 оноос өнөөг хүртэл 40 гаруй жилийн хугацаанд Монголын үндэсний шагайн харваагаар тасралтгүй хичээллэж, Бельгийн Хаант Улсад шагайн харвааг анхлан хөгжүүлсэн ахмад харваачдын нэг болсон. Европын 2009 оны анхны шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулахад хувь нэмэр оруулж, 2014 оноос хавчаахай буюу нумтын харвааг Бельгид нэвтрүүлэн, олон арван харваачдыг сурган бэлтгэж, залгамж халааг бий болгоход бодитой хувь нэмэр оруулсаар байна.
Цэдэн Эрдэнэбулган нар тус тус шагнуулав.
Хөдөлмөрийн хүндэт медалиар,
Зэвгээ Энхтуяа. Тэрээр “Бельги төдийгүй БЕНЕЛЮКС-ийн орнууд болон европын өөр бусад орнуудад амьдарч буй монгол хүүхдүүддээ монгол хэлээр зөв ярих, монгол дуу, шүлэг, бүжиг гэх мэт сургуулийн өмнөх насны боловсрол олгож, заан сургах үйлсэд 2020 оноос эхлэн багшилж байна. Ингэхдээ монгол хэлээр бага насны хүүхдүүдтэй хэрхэн ойлголцох, монгол хэлээр зөв ярьж сурах, монгол дуу, шүлэг, үндэсний бүжиг зааж сургах, үндэсний тоглоом наадгай болох шагай, оньсон тоглоомоор тоглох, жил бүр Дөрвөн Бэрх тэмцээнийг Эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулах, монгол үлгэр, домог, тууж гэх мэт хичээлүүдийг зааж сургахад өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна.
Халтар Нарантуяа. Тэрээр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд 2017 оноос өнөөг хүртэл Антверпен хотын эрүүл мэндийн сүлжээ байгууллагад өндөр настны асаргаа, сувилгааны чиглэлээр ахлах сувилагчаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ Бельги Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан болон нийгмийн дэмжлэг шаардлагатай иргэдэд чиглэсэн олон нийтийн, хүмүүнлэгийн ажлыг идэвх санаачилгатай зохион байгуулж ирсэн. 2017 онд Бельги дэх Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр сонгогдож, тус холбоог Бельги Улсад албан ёсны бүртгэлтэй байгууллага болгон төлөвшүүлэхэд манлайлан ажилласан. Холбооны үйл ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүд, охидын эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсож, шаардлагатай тусламж дэмжлэгт холбон зуучлах зорилго бүхий хамгааллын групп байгуулан ажиллуулж, иргэдээс ирсэн санал, хүсэлт, асуудлыг тухай бүр нягтлан, боломжит арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
Мөн Улсын Их Хурлын дарга тус улсад амьдарч буй ахмад настан иргэддээ хүндэтгэл үзүүлэн, бэлэг гардуулав.