Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэргүүтэй Монгол Улсын Их хурлын төлөөлөгчид Люксембургийн Их Гүнт улс, Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, сурч буй монгол иргэдтэй уулзалт хийв.
Энэхүү уулзалтыг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Болд нээж хэлсэн үгэндээ хилийн чанадад хөдөлмөрлөж, суралцаж Монгол Улсынхаа нэр хүнд, соёл, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж буй иргэн бүр эх орноо төлөөлсөн жинхэнэ элчин сайд болохыг онцоллоо.
Үүний дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус бус нутаг амьдарч буй иргэдэд Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа Европын орнууд, Бенилюксийн улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар хийж буй ажлын явц, үр дүн зэрэг асуудлыг хөндөн иргэдэд дараах үндсэн чиглэлээр мэдээлэл өгөв. Үүнд:

- Европын Холбооны төв болсон Люксембург, Бельги улстай тохиролцсон асуудлуудын талаар. Энэ удаагийн айлчлалын нэг том зорилго нь Европын Холбооны Улсад зорчих визийн нөхцөлийг хөнгөлөх асуудлыг шинэ шатанд гаргах байсныг онцлон тэмдэглээд, айлчлалын үеэр хөндөж ярилцсан энэхүү асуудал тодорхой үр дүнд хүрснийг тодотгов. Тодруулбал, Европын Парламентаас Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилж, албажуулсан. Люксембург, Бельгийн парламетын тэргүүнүүд албан ёсны айлчлалын үеэр Европын Холбооны түвшинд Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг онцлов.

- Улс орны гадаад бодлого, харилцаа, дотоод нөхцөл байдлын талаар буюу тодруулбал, 126 гишүүнтэй өнөөгийн парламентын үйл ажиллагаа, төр засгаас гаргаж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгөв.
Дотоодын зах зээл дээрх үнийн өсөлт, шатахууны тасалдал, эрчим хүчний хомсдол зэрэг үүсээд буй нөхцөл байдал түүнийг шийдвэрлэх арга замын зэргийн талаар тус тус танилцуулав.
Мөн Улсын Их Хурлын дарга хилийн чанадад суугаад Дипломат төлөөлөгчийн газруудаас иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцуулав.
Үүний дараа нь Бельги дэх монголчуудын нэгдсэн холбооны тэргүүн асан Д.Баясгалан холбооны үйл ажиллагааг танилцуулсан. Тус холбоо 2006 онд байгуулагдсан бөгөөд эх орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдэлж, түүх, соёлыг, хилийн чанадад түгээн сурталчлах, хүүхэд, залуучууддаа үндэсний өв соёлоо уламжлан өвлүүлэх ажлыг зохион байгуулж иржээ.

Бельги Улсад 2006 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын арга хэмжээг хотын захиргааны болон Элчин сайдын яамны тусламж, дэмжлэгтэйгээр 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан байна. Мөн 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн монголчуудын анхдугаар наадам”-ыг, 2026 онд Гадаад харилцааны яамтай хамтран “Нүүдэлчин монголчууд” анхдугаар фестивалийг Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ололт, амжилтаар дүүрэн буйгаа танилцуулав. Тус холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үндсэн зорилго нь эх орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдэлж, түүх, соёлыг, хилийн чанадад түгээн сурталчлах, хүүхэд, залуучууддаа үндэсний өв соёлоо уламжлан өвлүүлэх явдал байсныг онцлов.
Уулзалтад оролцсон иргэд гадаад оронд амьдарч буй иргэдэд тулгарч буй хүндрэл, төр, засгийн зүгээс хийж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа асуудалтай холбоотой санал, хүсэлтээ танилцуулав. Энэ хүрээнд Л.Оюунчимэг, Д.Баясгалан, Э.Нарангэрэл, У.Өлзийпүрэв, Ч.Мөнхбаатар, Л.Түмэннасан, Б.Хонгорзул, н.Тунгалаг, Ө.Энхнэргүй нар дараах асуудлуудыг хөндөн өөрсдийн санал бодлоо хуваалцаж мөн асуулт асуув.
Иргэдийн олонх нь Бельги улсад “Монголын Соёлын төв” байгуулах, түүний үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэж өгөх, хилийн чанадад ажиллаж буй иргэдийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг бий болгох, суугаа орондоо оршин суух албан ёсны баримт бичиггүй иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байгаа тул үүнийг Монгол дахь ЭМД-ын хүрээнд шийдвэрлэх, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, гадаадад олон жил амьдарч суугаа орныхоо иргэншлийг авсан хүмүүст давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх боломж нөхцөлийг судалж шийдвэрлэж өгөх зэрэг саналуудыг тавилаа.
Мөн зарим иргэдийн зүгээс Монгол Улсын Их Хурлын өнөөгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан бол, ахмад багш н.Тунгалаг манай улсын боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгааг дурдаад Бельгийн эрүүл мэнд, боловсролын тогтолцооноос авч хэрэгжүүлэх сайн туршлага цөөнгүй байгааг онцолсон юм. Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Бельги дэх Монголын оюутан, залуусын холбооны тэргүүн н.Хонгорзул тус холбооны зорилго нь олон оюутан залуусыг Бенилюксийн орнуудад сургахад өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцах явдал гэдгийг дурдав. Тэрээр тус бүс нутагт дэлхийд боловсролын чанараараа дээгүүрт эрэмбэлэгддэг олон сургуульд бусад улстай харьцуулахад хямд өртгөөр суралцах өргөн боломж байгааг танилцуулсан юм. Энэ хүрээнд Бенилюксийн орнуудад илүү олон оюутан залуусыг сургахын тулд УИХ-ын даргын нэрэмжит тэтгэлэг бий болгох санал дэвшүүлэв.

Иргэдийн зүгээс тавьсан асуулт, санал хүсэлтэд Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга, Монгол Улс-Европын Холбоо, Монгол улс-Бельгийн Хаант улсын парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улс–Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара нар хариулт өгөв.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Монгол соёлын төв”-ийг боломжит хэлбэрээр байгуулах, оюутан залууст тус бүс нутагт суралцахад нь зориулж тэтгэлэг олгох асуудлыг онцгойлон анхаарахаа илэрхийлсэн юм.