Монгол Улс, Бельги Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болов
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад 2026 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээ Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болов.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Элчин сайд Л.Болд үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нөхөрсөг, харилцан бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн бөгөөд цаашид тогтвортой хөгжил, ногоон эрчим хүч, хөрөнгө оруулалт, инновац, цахим шилжилт зэрэг олон салбарт өргөжин хөгжих боломжтойг онцлов.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 55 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж хэлсэн үгэндээ хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд гарсан үр дүн, хүрсэн түвшинг дүгнээд Монгол, Бельгийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулах, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Арга хэмжээнд Бельги Улсын Сенатын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой, Европын Парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Муро нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
