Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа шинэ шатанд гарлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад 2026 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Элчин сайд, Европын Холбоонд суугаа Төлөөлөгч Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол Улс - Европын Холбоо, Монгол Улс – Бельгийн Хаант Улсын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улс – Люксембург Улсын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар орж ажиллав.

Монгол Улсын Их Хурлын даргын Бенилюксийн орнуудад хийж буй айлчлал 24 жилийн дараа хэрэгжиж буй түүхэн айлчлал болов. Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж өнгөрсөн айлчлал Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал ач холбогдол өгч буйг дахин нотолсон айлчлал боллоо.
Айлчлалын үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертэй 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр албан ёсны уулзалт хийж, хоёр улсын болон парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд гарсан үр дүн, цаашид эрчим хүч, инновац, биотехнолог зэрэг олон салбарт хамтран ажиллах, улмаар харилцааг шинэ шатанд гаргах боломжтойг талууд онцлов. Түүнчлэн, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвжүүлэх, иргэдийн харилцан зорчих боломжийг нэмэгдүүлэхэд визийн шаардлагыг хөнгөвчлөх зэрэг асуудлуудыг хөндөв.

Уулзалтын дараа 300 гаруй жилийн түүхтэй тус Парламентын ордонтой танилцаж, чуулганы танхимд зочлов.