images

Монгол, Бельгийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Бельги Улсын иргэдийг шагнав

ЭСЯ-ны мэдээ

2026-09-08

15

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад 2026 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийв. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт болон Элчин сайд Л.Болд нар хоёр орны хоорондын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Бельги Улсын иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болгосноор шагнаж урамшуулав. Үүнд:

  • Бельгийн Хаант Улсын Холбооны Парламентын гишүүн, Гадаад бодлогын Байнгын хорооны дарга Эльс Ван Хүфийг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, Бельги Улс, Монгол Улсын жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрүүлэхэд санаачлага гарган ажилласныг үнэлэн Алтан гадас одонгоор,

  • Бельгийн Хаант Улсын Брюссель хот, Ат мужийн Хөгжмийн сургуулиудын багш Даниел Глинёрыг Монгол Улсын хөгжмийн сургалтын хөгжлийг дэмжиж, монголын залуу хөгжимчдийг сургахад оруулсан хувь нэмрийг үнэлэн Алтан гадас одонгоор,

  • Бельги Улсын Молиер Лоншон эмнэлэг, Ирис Саут эмнэлгийн Гэмтлийн мэс заслын тасгийн хүндэт дарга Марек Шпальскиг 2005 оноос хойшхи хугацаанд монголын 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургах, дадлагажуулахад оруулсан хувь нэмрийг үнэлэн Алтан гадас одонгоор,

  • Бельги, Францын хамтарсан FSE группийг хамтран байгуулагч, удирдах зөвлөлийн дарга Фредерик Судэнийг Зүүн болон Баруун бүсийн оношлогооны төвүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийг бэхжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэснийг үнэлэн Найрамдлын медалиар,

  • Бельги, Францын хамтарсан FSE группийн төслийн зохицуулагч Никола Вурмийг Зүүн болон Баруун бүсийн оношлогооны төвүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийг бэхжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг 20 гаруй жилийн турш гардан зохион байгуулах замаар амжилттай хэрэгжүүлснийг үнэлэн Найрамдлын медалиар тус тус шагнаж урамшуулаа.

          Мөн 55 жилийн ойн хүрээнд Монгол-Бельгийн харилцааг соёлын салбарт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Бельги Улсын иргэн Димитри Лоуэрсыг “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасан болно.