Элчин сайд Л.Болд Нидерландын Хаант Улсад “Акхал Тэке морины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, адууны соёлын наадам” олон улсын арга хэмжээнд оролцов.
Элчин сайд Л.Болд Нидерландын Хаант Улсад 2026 оны 9 дүгээр сарын 4–6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Акхал Тэке морины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, адууны соёлын наадам” олон улсын арга хэмжээнд оролцов.

Олон улсын Акхал-Тэке адууны холбооноос зохион байгуулсан тус арга хэмжээ нь адууны үүлдэр, морин спорт, адууны соёл, уламжлалыг олон улсын түвшинд сурталчилан таниулах зорилготойгоор Туркменистан улсаас санаачилан анх удаа зохион байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээний хүндэт зочдоор Туркменистаны ард түмний Үндэсний удирдагч, Халк Маслахатын дарга Гурбангулы Бердымухамедов, Нидерландын Лимбург мужийн захирагч Эмил Рөмер, Нидерландын Төрийн сайд Ян Петер Балкененде болон Нидерланд Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар урилгаар оролцсон юм.

Тус тэмцээнд дэлхийн 25 орноос 100 гаруй Акхал-Теке адуу оролцсон бөгөөд Францын адуу үржүүлэгч А. Мартинезийн эзэмшлийн “Яндам” нэртэй хар азарга шилдгээр шалгарч, 2026 оны Акхал-Теке адууны дэлхийн аварга цол, тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртэв.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсаас монголын морин спортын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталж, жил бүрийн 7 дугаар сарын 11-ийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр болсон ач холбогдол, Монголын нүүдлийн соёл иргэншил, адууны түүхэн болон соёлын өвийн талаар танилцуулж, энэхүү дэлхийн хэмжээний санаачилгыг олон улсын морин спорт, адууны салбарын хүрээнд сурталчилан таниулахад анхаарч ажиллав.
Мөн тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн хэмжээний энэхүү түүхэн санаачилгыг дэмжин, олон улсын морин спортын салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж буйг тэмдэглэн, Элчин сайд Л.Болдод Монголын морин спортын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбаясгалан дурсгалын батламж гардуулав.

Монгол Улсын морин спортын байгууллагууд нь Европын морин спортын холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.