images

СИТТАРД ХОТНОО “НҮҮДЭЛЧИД” МОНГОЛЫН УРЛАГ, СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2026-09-08

21

Нидерландын Ситтард хотноо Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 1–16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэнгээр Монголын нүүдэлчин ахуй, байгаль дэлхий, уудам тал нутаг, оюун санаа, олон зуун жилийн түүх, уламжлалт соёлын өвөөс уран бүтээлчдийн бүтээлдээ шингээсэн дүрслэл, өнгө төрхийг Нидерландын үзэгчдэд хүргэж байна.

 

Элчин сайд Л.Болд 2026 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ситтард хотноо болж буй “Нүүдэлчид” үзэсгэлэнг зорин очиж, үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчидтэй уулзан, тэдний бүтээлтэй танилцлаа.

Элчин сайд Л.Болд энэ үеэр уран бүтээлчдийн төлөөлөл Дашдондогийн Бадам, Даваа Хуизинга-Молом нартай уулзаж, Монголын нүүдэлчин соёл, уламжлалт урлаг, өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан Европын үзэгчдэд хүргэж, Монгол Улсыг сурталчлан таниулж буйд талархал илэрхийлэв.

Үзэсгэлэнд Монгол, Нидерланд, Бельги улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийн бүтээлүүд дэлгэгдэж байна. Үүнд Даваа Хуизинга-Молом, Дашдондогийн Бадам, Бааяа Туул, Бямбарэнчин Баярт-Од, Өлзийбатын Болорчулуун, Бааска Чулуунбаатар нарын уран бүтээл багтжээ.

Үзэсгэлэнгийн уран бүтээлчдийн нэг Даваа Хуизинга-Молом нь 2025 онд Рурмонд хотын “Хотын урлаг” уралдааны ялагчаар шалгарсан юм. Түүний “Аминаа” хэмээх уран бүтээл нь эерэг байдал, хүч чадал, хүн хоорондын холбоо, эв нэгдлийг бэлгэдсэн бөгөөд нарийн хийц, илэрхийлэл сайтай дүрслэл, гүн бэлгэдлийн агуулгаараа үнэлэгдэн, Рурмонд хотын Свалмен дүүргийн Маттью Кордангийн цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай талбайд нэг жилийн хугацаанд байршуулжээ.

               

Мөн “Нүүдэлчид” үзэсгэлэнгийн хүрээнд Дашдондогийн Бадам багшийн удирдлага дор бэх, бийрээр монгол адуу зурах сургалт зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр морин хуурч Баярсайхан Тамир морин хуурын аялгуу эгшиглүүлж, Өлзийбатын Болорчулуун монгол уртын дуугаар ая дуугаа өргөн, зочдод монгол бичгээр өөрийн нэрээ бичүүлэн авах боломжийг бүрдүүлсэн байна.

 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЭЛ

📅 2026 оны 9 дүгээр сарын 1–16

📍 Нидерландын Ситтард хот, Стейнвег 41, 6131 BC

Монголын урлаг, соёл, уламжлал, нүүдэлчин ахуйн өвөрмөц онцлогийг уран бүтээлээр дамжуулан Европын үзэгчдэд хүргэж буй энэхүү үзэсгэлэнд Бельги, Нидерланд болон Европын бусад улс оронд ажиллаж, амьдарч буй монголчуудыг өргөнөөр хүрэлцэн очиж, эх орныхоо уран бүтээлчдийг дэмжин, бүтээлүүдийг нь үзэж сонирхохыг урьж байна.