Төв Азийн орнууд болон Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Бельги Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын хэрэг, хөгжлийн хамтын ажиллагааны сайд Максим Прево Төв Азийн орнууд болон Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд нарыг “өглөөний цай” уулзалтад 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Бельги Улсын гадаад бодлого, түүнд Төв Азийн орнуудын эзэлж буй байр суурь, өнөөгийн хамтын ажиллагаа болон цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Элчин сайд Л.Болд хоёр орны хоорондын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр, энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглэв. Түүнчлэн, Монгол Улсад зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын дээд хэмжээний уулзалт COP17 Улаанбаатар хотноо болох талаар мэдээлж, Бельги Улс болон Төв Азийн орнуудаас өндөр, дээд хэмжээнд төлөөлөл оролцуулахыг хүсэв.
Элчин сайд Л.Болд 55 жилийн ойн хүрээнд Бельги Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэж буй соёлын арга хэмжээнүүдийн талаар мөн мэдээлэн Бельги Улс болон Төв Азийн орнуудын төлөөллийг оролцохыг урив.