Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдав
Улаанбаатар хотноо 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж, уг уулзалтад Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд оролцов.
Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ж.Принчи нар хамтран даргалав.
Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ Монгол Улс, Европын Холбооны харилцаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сүүлийн үеийн онцлох үйл явдлуудыг тоймлон танилцуулав.
Тэрээр мөн Монгол Улс-Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форум, тус форумын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилго бүхий санамж бичгийг онцолж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах хүрээнд хоёр талын бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг тэмдэглэв.
Европын Парламентын гишүүн Ж.Принчи өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрч, талууд олон улсын тавцанд нийтлэг үнэт зүйл, зарчимд тулгуурласан санаачилгуудыг хамтран дэмжиж ирснийг дурдав. Тэрээр олон улсын харилцааны ээдрээтэй, онцгой цаг үед энэхүү зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж буйг онцлон тэмдэглэж, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламент хоорондын яриа хэлэлцээ чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд байгалийн ховор элемент, ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эдгээр чиглэлээр бодит үр дүнд хүрэх боломжийн талаар санал солилцов. Мөн Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо хэрэгжих “Зүрх судасны үндэсний төв” төсөл нь Монгол Улс, Европын түншүүдийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц чухал төсөл гэдэгт талууд санал нэгдэв.
Европын Парламентын гишүүн Т.Мариани Монгол Улс тэнцвэртэй, прагматик гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв. Тэрээр Монгол Улсын эрчим хүч, байгалийн нөөц баялаг, харьцангуй залуу хүн ам, газарзүйн байршил нь тус улсын хөгжлийн чухал давуу тал болохыг онцолж, Европоос өндөр технологи, ноу-хау шингэсэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг татан төвлөрүүлэх өргөн боломж байгааг дурдав.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Саранчулуун, Э.Болормаа нар холбогдох чиглэлээр байр сууриа илэрхийлж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Эмэгтэй парламентчдын чуулганд Европын Парламентын эмэгтэй гишүүдийг оролцохыг урив.
Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Монгол–Европын Парламенттай харилцах бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Баярмаа, О.Саранчулуун, Э.Болормаа, М.Сарнай, Элчин сайд Л.Болд нар оролцов. Европын Парламентын талаас Европын Парламентын гишүүн Ж.Принчи, Свен Симон, Витенис Повилас, Тьерри Мариани, Жонас Шүүштэт, Киара Жемма нар оролцлоо.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь Монгол Улс, Европын Холбооны ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, тогтвортой хөгжилд суурилсан түншлэлийг улам гүнзгийрүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.