Элчин сайд Л.Болд Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Муротой уулзав
Элчин сайд Л.Болд Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Муротой тус парламентын төв байранд 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтаар Монгол Улсын Их Хурал болон Европын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
Мөн тэрээр олон улсын хэмжээнд сонгуулийн ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын дэвшүүлж ирсэн санаачлагуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал:
- Монгол Улс Албани, Гана, Норвеги улстай хамтран санаачилсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенц (UNCAC)-ын оролцогч улсуудын XI бага хурлын үеэр “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” НҮБ-ын тогтоолыг батлуулсан. Энэхүү тогтоол нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг тусгайлан хөндсөн анхны тогтоол болж буйгаараа онцгой ач холбогдолтой бөгөөд “иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээх конвенцын суурь зарчмыг олон улсын түвшинд бататгаснаараа онцлог юм.
- Монгол Улс Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (International IDEA)-тай идэвхтэй хамтран ажиллаж, Улаанбаатар хотод сонгуулийн ажиглалтын Азийн бүсийн төвийг байгуулах санамж бичигт гарын үсэг зурж, хэрэгжилтийг нь урагшлуулахад анхаарч байна.
Европарламентын гишүүн Хана Муро нь Социалист Интернационал (Socialist International)-ын дэд ерөнхийлөгчийн хувиар 2023 онд Монгол Улсад зочилж, Азийн Улс төрийн намуудын олон улсын бага хуралд урилгаар оролцож байсан ажээ.