images

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ, ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ: COP17-Д ХҮРЭХ ЗАМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БРЮССЕЛЬ ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-05-08

145

Монгол Улсын Элчин сайдын яам нь Европын Комисс болон Брюссель дэх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая: COP17-д хүрэх зам" сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Брюссель хотноо НҮБ-ын байранд амжилттай зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээ нь 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд Монгол Улсын Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) зориулсан бэлтгэл яриа хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдав.

Өндөр түвшний нээлт

Нээлтийн үгийг НҮБ-ын Европын Холбооны дэргэдэх суурин зохицуулагч Камела Брукнер, UNCCD-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад (цахимаар) нар үг хэлэв. Монгол улсаас Бельгийн хаант улсад суугаа Элчин сайд  бөгөөд Европын Холбоонд суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн Л.Болд тус хурлын хүндэт зочин Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ын Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очирыг танилцуулав. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ын Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир "COP17 нь 2 долоо хоногт болоод өнгөрөх арга хэмжээ бус харин 'Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө'-ний хүрээнд олон жилийн хугацаанд үргэлжлэх, харилцан уялдаа бүхий хөрөнгө оруулалтын платформ болгон хөгжүүлж, урт хугацааны тогтвортой “өв” болгон үлдээх зорилт тавин ажиллаж байгааг" онцлон тэмдэглэв. COP17 нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тунхагласан, Монгол Улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилтэй (IYRP 2026) давхцаж байгаа нь онцгой ач холбогдолтойг мөн дурдаж, энэ хүрээнд "Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө"-г товч танилцуулав.

НҮБ-ын Европын Холбооны дэргэдэх суурин зохицуулагч Камела Брукнер газар, газар, ой, усны экосистемийг хамгаалах, сэргээх асуудал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд шийдвэрлэх үүрэгтэйг онцлон, бодит тоон баримтаар тайлбарлав. Тэрээр газар нөхөн сэргээлтийн эдийн засгийн өгөөж улам бүр бодитой, нотолгоотой болж буйг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын үнэлгээгээр газар сэргээлтэд оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт нь экосистемийн чанарыг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон талын эерэг нөлөөгөөр 7‑30 ам.долларын өгөөж бий болгох боломжтойг онцлов. Иймээс газрыг тогтвортой ашиглах, үр ашигтай хамгаалах, нөхөн сэргээх бодлого нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх суурь, зайлшгүй нөхцөл болдгийг тэрээр онцлон тэмдэглэсэн.

Хэлэлцүүлэг

Хэлэлцүүлэг хоёр үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт UNCCD COP17-д дэвшүүлж буй асуудлуудыг хэлэлцэв. Уг хэсгийг Ирландын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яамны Газар ашиглалт болон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан туслах дарга Мэтью Хорнсби удирдаж, Монгол Улсын БОУАӨЯ, UNCCD-ийн Дэлхийн механизм, Европын Комисс, мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Брюссель дэх төлөөлөл оролцон санал бодлоо солилцов.

Хоёр дахь хэсэг “Газар сэргээлт ба ганд тэсвэртэй байдлын санхүүжилт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Европын Комиссын Байгалын орчны асуудал эрхэлсэн Ерөнхий газрын олон улсын харилцааны мэргэжилтэн Юлиане Мюллнер даргалав. Тус хэлэлцүүлэгт Саудын Арабын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн яамны дэд сайд доктор Осама Ибрахим Факиха (цахимаар), Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) болон Францын ChangeNOW байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Мөн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван оролцогчдод хандан Байгальд ээлтэй ногоон санхүүжилтийн талаар Монгол улсад хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

ЕХ-ны Комиссар Жессика Росвалын тусгай илтгэл

Арга хэмжээний онцлох хэсэгт Байгаль орчин, усны тэсвэртэй байдал, өрсөлдөх чадвартай тойрог эдийн засгийн асуудал хариуцсан Комиссар Жессика Росвалл тусгай илтгэл тавив. Тэрээр газрын доройтлыг дэлхий нийтийн хэмжээний үр дагавартай асуудал хэмээн онцолж, “Цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь хийсвэр ойлголт биш, эдгээр нь хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг” болохыг тэмдэглэв. Улмаар Комиссар Росвал COP17-ын хүрээнд гурван тэргүүлэх чиглэлийг дэвшүүлэв. Үүнд, газрын доройтлыг улс төрийн тавцан дээр тэргүүн зэрэгт байлгах; 2030 оны газрын доройтлын саармагжилтын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ирээдүйн алсын харааг тодорхойлох; хамгийн өртөмтгий орон нутгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд болон иргэний нийгмийн байгууллагуудыг шийдвэр гаргах үйл явцад бодитойгоор оролцуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Арга хэмжээг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) Брюссель дэх оффисын дарга Вероника Хант Шафранкова хаалтын үгээр өндөрлүүлэв.

Арга хэмжээнд Брюссельд суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд, Европын коммисс, НҮБ-ын системийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас 80 орчим хүмүүс оролцож, санаа бодлоо чөлөөлтэй хуваалцсан болно.

Хоёр талын уулзалт

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ын Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир  Байгаль орчин, усны тэсвэртэй байдал болон өрсөлдөх чадвартай тойрог эдийн засгийн асуудал хариуцсан Европын Комиссар Жессика Росваллтай хоёр талын уулзалт хийж, COP17-ын бэлтгэл ажлын явцыг танилцуулан, энэ хүрээнд Европын Холбоотой цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцов.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүртэлх бэлтгэл ажил, зохион байгуулалт, мөн бага хурлаас гарах бодлого, шийдвэрүүдийг бодит хэрэгжилт болгох энэ чухал үед Европын Холбоо нь Монгол Улсын найдвартай түнш байж, хамтран ажиллахаа Комиссар Жессика Росвалл илэрхийлэв.