images

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир тэргүүтэй төлөөлөгчид Люксембургийн Люксембургийн Их Гүнт Улсын Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагаа ба хүмүүнлэгийн газрын Ерөнхий захирал Ноён Жорж Тернестэй уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2026-04-02

25

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир тэргүүтэй төлөөлөгчид Люксембургийн Люксембургийн Их Гүнт Улсын Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагаа ба хүмүүнлэгийн газрын Ерөнхий захирал Ноён Жорж Тернестэй 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр уулзав. Уулзалтад Элчин сайд Л.Болд, БОУАӨЯ, ЭСЯ болон СОР17 Ажлын албаны төлөөлөл, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каэн, айлын талаас тус улсын Байгаль орчин, уур амьсгал, биологийн олон янз байдлын яам, Сангийн яамны төлөөлөл, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын тус улсын үндэсний зохицуулагч нар байлцав.

Уулзалтаар дэд сайд Б.Мөнхтамир, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа нар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын явц, манай улсаас дэвшүүлж буй “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” (Steppe Action Agenda)-ийг танилцуулж, энэ хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ерөнхий захирал Ноён Жорж Тернесийн зүгээс цөлжилт, газрын доройтол, ган зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй харилцан уялдаа бүхий сорилтуудыг даван туулах шийдлүүдийг эрэлхийлэхэд чиглэсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын ач холбогдлыг онцолж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.