Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Монгол Улсад айлчилж байна
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй айлчлалд Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд оролцож байна.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл нар 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл солилцов. Уулзалтаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг онцолж, харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын үүрэг чухал болохыг тэмдэглэв. Мөн тус улсаас манай улсын банк, санхүү, эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийг байгуулсан талаар танилцуулав.
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн ойг тэмдэглэх мөчид хийж буй энэхүү айлчлалдаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Роланд Рейланд, Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Нэнси Аренд, Свен Клемент, Александра Скоос, Лиз Браз, тус байнгын хорооны нарийн бичгийн дарга Седрик Скарпеллини, Төлөөлөгчдийн танхимын ёслол хариуцсан ажилтан Кристоф Хербриг, Люксембургийн Их Гүнт Улсын Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монголыг хариуцсан ажилтан Мари Прүм нар ажиллаж байна.