images

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна

ЭСЯ-ны мэдээ

2026-03-26

24

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтад Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар оролцсон.

Уулзалтаар хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухлыг онцолж, энэхүү айлчлал нь бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хоёр орны харилцаа 50 жил идэвхтэй өрнөж ирснийг тэмдэглэж, манай улсын эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж үзүүлж ирсэнд талархал илэрхийлсэн.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн бөгөөд төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцсан болно.