АХМАД НАСТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭН ЗОЛГОВ
Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-наас 2026 оны 2 дугаар сарын 21-ний өдөр уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Бельги, Нидерланд, Люксембургт оршин сууж буй ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэн золголоо. Элчин сайд Л.Болд ахмад настнууддаа XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх гал морин жилийн мэндийг хүргэж, өнгөрөгч могой жилд тус ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн голлох ажлуудын талаар мэдээлэл өгч халуун дулаан яриа өрнүүлэв.

Элчин сайд өнгөрөгч могой жилд Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг тус ЭСЯ монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл, Бельгийн монгол оюутан залуучуудын холбоо болоод Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулсан талаар онцлон тэмдэглээд, хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөлд дахин талархал илэрхийлэв. Эл наадмыг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй оролцсон арав гаруй иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн одон, медалиар шагнасныг морин жилийн өмнөхөн гардуулан өгсөн талаар Элчин сайд Л.Болд дурдав. Ахмад настнуудын төлөөллөөс хариу талархал илэрхийлэн ирэх морин жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг ЭСЯ-ны хамт олонд хүргэв.