images

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фридентэй уулзав

Embassy news

2026-01-27

22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Давосын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фридентэй 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр албан уулзалт хийв.   

Уулзалтаар талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2026 онд тохиож буйтай холбогдуулан цаашдын харилцаа,  хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.  

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон 6 дугаар сард болох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Ерөнхий сайд Люк Фриденийг  Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив. Ерөнхий сайд Люк Фриден урилгыг талархан хүлээн авсан.  

Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улстай 1976 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны харилцаа 1990-ээд оноос идэвхтэй хөгжиж ирсэн билээ. Монголын ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Люксембург улс анхнаас нь идэвхтэй дэмжиж, талууд гол төлөв банк, санхүү, эрүүл мэндийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажилласан.        

Люксембург нь Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад Засгийн газрын тэргүүний түвшинд анхны айлчлал хийсэн улс юм. Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Жан Клод Юнкер манай улсад 1998, 2008 онуудад айлчилж, Ерөнхий сайд Завиер Беттел Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтад 2016 онд оролцож байсан.