images

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2026-01-23

28

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр албан уулзалт хийв. Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалт 2005 оноос хойш анх удаа болж байгаагаараа онцлох үйл явдал юм.

Уулзалтаар хоёр орны хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ойг тэмдэглэх хүрээнд, түүнчлэн Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, Эдийн засгийн форумд Ерөнхий сайд Барт Де Веверийг оролцохыг урив.

Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр орны хоорондын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт, ялангуяа баруун болон зүүн бүсийн оношлогооны төвүүдийг бэхжүүлэхэд амжилттай хамтран ажилласныг тэмдэглээд цаашид шууд нислэгтэй болох замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүрсний утааг багасгах зээл, агаарын бохирдолтой тэмцэхэд хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв. 

Ерөнхий сайд Барт Де Вевер Монгол болон Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой буйгаа тэмдэглээд худалдааны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг хамтран эрэлхийлэх, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсад айлчлах боломжоо судлан үзэж, Монгол Улсад болох дээрхи арга хэмжээнд ач холбогдол өгч өндөр түвшний төлөөлөл илгээхээ илэрхийлэв.