images

Элчин сайд Л. Болд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Европын бүсийн газрын захирал Борис Эрг-ийн урилгаар тус байгууллагын оны эцсийн арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2025-12-18

37

Элчин сайд Л. Болд 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Европын бүсийн газрын захирал Борис Эрг-ийн урилгаар тус байгууллагын оны эцсийн арга хэмжээнд оролцов.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Л. Болд Монгол Улсын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын зорилт, тэргүүлэх чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар болон IUCN хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг (MoU) нь тогтвортой газар ашиглалт, бэлчээрийн доройтлыг бууруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал суурь болж буйг дурдав.

IUCN-ийн Европын бүсийн газрын захирал Борис Эрг Монгол Улс байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хүчин чармайлтад идэвхтэй оролцож буйг өндрөөр үнэлж, UNCCD COP17-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.