images

Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форум Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа

ЭСЯ-ны мэдээ

2025-10-24

10

Европын Холбоо болон Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ боломжуудыг нээх зорилготой Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум 2025 энэ сарын 15–16-нд Улаанбаатар хотноо анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Тус форумд 700 гаруй төлөөлөгч бүртгүүлж оролцсон бөгөөд Монгол Улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл, Европын Холбооны гишүүн орнуудын бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид, бодлого тодорхойлогчид оролцсон бөгөөд Европын 70 гаруй, Монголын 230 гаруй компанийн төлөөлөл хамтран оролцож, хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг хэлэлцлээ.

Форумын үеэр Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Улаанбаатар хотод ажиллаж, Европын Комиссын Олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн газрын захирал Петерис Устубс тэргүүтэй төлөөлөгчид болон Монголын бизнесийн байгууллагуудтай уулзалт хийв.

Элчин сайд Л.Болд Монгол, Европын эдийн засгийн түншлэлийг гүнзгийрүүлэх, Европын хөрөнгө оруулалтыг Монголд татах, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэх чиглэлээр хийгдэж буй бодлого, боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, талуудын санал солилцлоо.

Форумын хүрээнд хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дижитал шилжилт, уул уурхай, байгаль орчин, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Европын туршлага, технологийг Монголд нутагшуулах талаар хэлэлцсэн нь онцлог байлаа.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс болон Европын Холбооны хоорондын эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ шатанд гаргах, хоёр талын бизнес эрхлэгчдэд шууд харилцах, түншлэл тогтоох чухал боломжийг олгосон юм.

Тус форумын онцлох үйл явдлын нэг нь ногоон, тогтвортой, цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтэд зориулан 1 тэрбум евро хүртэлх санхүүжилт олгох санамж бичгийг Европын Хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Монгол Улсын Засгийн газар зурж, баталгаажууллаа.

Мөн Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны энэ цаг үеийн бэлгэ тэмдэг болсон “Ойн түншлэл” санамж бичгийг 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар байгуулсан билээ. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна.