МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМ”-ЫН ХҮРЭЭНД МОНГОЛЧУУДЫН АНХНЫ БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ын хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо Дэлхийн монголчуудын анхны бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа.
Тус бизнес форумыг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Гадаад Харилцааны Яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Монгол улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар нээж, бизнес эрхлэгч Монголчууддаа амжилт хүсч, үг хэллээ.
Тус форумд Бельги, Недерланд, Унгар, Чех, Франц, Герман зэрэг Европын Холбооны улс орнууд, АНУ, Их Британид оршин сууж, бизнес, худалдаа эрхлэж байгаа Монголчуудын төлөөлөл болох 60 орчим хүн оролцож, Монгол Улсаас уул уурхайн бус экспортын бараа, бүтээгдэхүүний төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, төрөөс хилийн чанадад байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах арга замын талаар хоорондоо мэдээлэл солилцож, нетворкинг үүсгэж, туршлага хуваалцлаа.
Бизнесийн форумын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Олон улсын худалдааг дэмжих төсөл /ITDM/-ийн зохицуулагч н.Карл Крюг нар үндсэн илтгэгчээр оролцож, ХБНГУ-ын Фрэйбург хот дахь Монгол Улсын Худалдаа, аялал жуулчлал, мэдээллийн төвийн захирал С.Бадамхатан, С.Бадамхорол, Европын Холбоон дахь Монголын бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч Ц.Адьяа нар танилцуулга хийв.
“Дэлхийн Монголчуудын анхны бизнес форум” – бизнес, уулзалт арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон улсын худалдааг дэмжих төсөл /ITDM/, ХБНГУ-ын Фрайбург хот дахь Монгол Улсын Худалдаа, Аялал жуулчлал мэдээллийн төв, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар /SME Agency of Mongolia/, Брюссель дэх Элчин Сайдын яам хамтран зохион байгууллаа.