Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын ГХЯ-ны Улс төрийн газрын захирал Веронике Докендорфтой уулзав
Элчин сайд Л.Болд 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Люксембургийн Их Гүнт Улсын ГХЯ-ны Улс төрийн газрын захирал Веронике Докендорфтой уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Уулзалтад тус газрын Азийн орнуудын асуудал хариуцсан хэлтсийн дарга Сэм Шрейнер байлцав.
Уулзалтаар Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх 2026 онд тохиож буйтай холбогдуулан хамтран хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар санал солилцож, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Люксембургийн Ерөнхий сайд Люк Фриденийг манай улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан захидлын эх хувийг гардуулав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Брюссель хотноо энэ оны 6 дугаар сарын 28-нд зохион байгуулах “ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМ”, Улаанбаатар хотноо 2025 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд байгуулах “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын тухай тус тус мэдээлж, төлөөлөгч оролцуулахыг хүссэн болно.
Түүнчлэн, тус улсын парламенттай харилцах Монгол Улсын Их Хурал дахь парламент хоорондын бүлэг, НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигч Д.Амарсанаа, талууд харилцан гарын үсэг зурсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр” хүчин төгөлдөр болох люксембургийн дотоодын процедурын явц, тус улсын Засгийн газраас манай улсын эрүүл мэндийн салбарт олгож буй буцалтгүй тусламжийн төсөл зэрэг олон асуудлаар санал, мэдээлэл солилцов.
Захирал Веронике Докендорфтын зүгээс уулзалтаар хөндөгдсөн асуудлуудыг холбогдох албандаа мэдээлж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно.